Хөтөлбөр
Өвгөн профессор сүүлийн хичээлийг өөрийнхөө гэрт, гэгээвчээр
нь дулаан орны цайвар ягаан навчтай
хибискэс цэцэгс харагддаг ажлын өрөөндөө долоо хоногт ганц удаа заасан билээ. Зөвхөн
Мягмар гаригт хичээллэнэ. Өглөөний ундны дараа залгаад хичээл эхлэдэгсэн. Хичээлийн
нэр Амьдралын утга учир. Тэр туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлагад
тулгуурлан эл хичээлийг заасансан.
Дүн тавиагүй боловч долоо хоног бүр
аман шалгалт авсан. Түүний асуусан асуулт болгонд нь хариулахаас гадна өөдөөс
нь сөргүүлээд асууж бас болно. Хичээлийн
явцад профессорын тэргүүнийг ялимгүй өндийлгөж
дэрийг нь эвтэйхэн засч өгөх, хамрынх нь
үзүүрт харааны шилийг тогтоох гэх мэт гараар хийж гүйцэтгэх ганц нэг ажилбар хааяа гарна. Хичээл тараад тэндээс
гарч явахдаа “Баяртай” гэж хэлээд ганц үнсчихэд оноо ахина л гэсэн үг.
Хайр сэтгэл, ажил хөдөлмөр, хамт олон, гэр бүл, өтлөлт, нигүүсэл, үхэл гэхчлэн зөндөө олон
сэдвийг хамарсан боловч тусгайлан ямар нэгэн ном сурах бичиг ашиглахыг тэр шаардсангүй.
Сүүлийн лекц нь тун товчхон, ердөө л цөөн хэдэн үг байсан даа.
Төгсгөлтийн ёслолын оронд багшийгаа эцсийн замд нь үдэж билээ.
Сүүлчийн шалгалтын оронд сурч мэдсэн
зүйлээрээ чамлахааргүй урт зохион бичлэг хийх ёстой байсан бөгөөд тийнхүү
бичсэнээ одоо Та бүхэнд толилуулж байгаа
минь энэ билээ. Өвгөн профессор сүүлчийн
хичээлээ ингэж ердөө цорын ганц оюутанд
заасан, тэр оюутан нь би байсан.
1979 оны хаврын хуучдын дулаан агаад нозоором Бямба гаригийн үдээс хойхно Их
сургуулийн өмнөх зүлгэн дээр олон эгнээгээр зассан эвхдэг модон сандлууд дээр хэдэн
зуун оюутан зэрэгцэн сууцгаасан байлаа. Цэнхэр өнгийн нийлэг өмсгөлтэй бид удтал
үргэлжилсэн нуршуу урт үгс хэдийд дуусахыг хүлээж цөхөн сонсч сууна. Төгсгөлтийн
ёслол өндөрлөж Массачусэтс мужийн Уэлтам хот дахь Брандэйсийн Их сургуулийн төгсөх
ангийн оюутнууд бид малгайнуудаа дээш нь агаарт чулуудсанаар албан ёсоор сургуулиа
дүүргэчихлээ. Олонхи маань хүүхэд насаа хамт үдэж байгаа хэрэг шүү дээ.
Тэгээд би өөрийн хайртай профессор Морри Шварцийг хайж олоод түүнийг эцэг эхтэйгээ танилцууллаа.
Тэр бол ойр ойрхон гишгэж явдаг, ширүүхэн салхинд бол хэзээ мөдгүй хийсээд дээшээ
дэгдчихмээр давжаа, жаахан биетэй хүн л дээ. Төгсгөлтийн ёслолын өмсгөлтэй түүнийг харахад библийн
сударт өгүүлдэг тэнгэр бурхан эсвэл эсвэл зул сарын баярын бяцхан одой мэт санагдана. Гялалзсан номин
цэнхэр нүдтэй, шингэн буурал үсээ голоор нь хагалж самнасан профссор дэлдэгэр
чихтэй, буурал боловч өтгөн хөмсөгтэй. Хоорондоо зайтай хэр нь арагшаа налсан
доод шүднүүд нь хэн нэгэнд дэлсүүлчихсэн мэт, инээх нь энэ ертөнцийн хамгийн алиа хошин зүйлийг түүнд хэлчихсэн юм болов уу
гэмээр харагддагсан.
Заасан бүх хичээлд нь хичээнгүйлэн суусныг эцэг эхэд маань ярьсан профессор “танай хүү бузгай шүү” гэж намайг тэдэнд нэмж
магтахад би ичсэндээ дэмий л доош тонгойж
гутлынхаа өлмийг ширтэн зогссон. Ингээд
тэндээс явахын өмнө би профессорт зориулж авсан, гадна талдаа түүний нэрийн эхний үсэг бүхий бичгийн ширэн
савыг бэлэглэлээ. Би өмнөх өдөр нь дэлгүүрээс худалдан авчихсан байсан юм. Би
түүнийг мартахгүйсэн л гэж бодсон. Магадгүй, намайг тэр битгий мартчихаасай гэж
хүссэн ч юм болов уу даа.
Митч, чи манай сайчуудын нэг шүү гэж хэлээд тэр бичгийн савыг бахадсан
янзтай харсанаас намайг тэвэрлээ. Турьхан гарыг нь ар нуруундаа мэдэрсэн би нуруугаар түүнээс өндөр болохоор,
нас бие гүйцсэн том эр, тэр жаахан хүүхэд ч юм шиг, эцэг нь жаахан хүүхэддээ тэврүүлсэн мэт эв дүй муутай санагдсан.
Түүнийг “За холбоотой байна биз дээ” гэж асуухад би бодсон ч юмгүй
“Тэгэлгүй яахав “гэж хариу хэлчихээд гэдрэг
нэг алхахыг нь харваас нүдэндээ нулимстай байлаа.
0 comments: