Navigation Menu

Чи мэдэх үү?





Өөдөөс чинь хараад жаргалтай инээж буй хүн цаашаа хараад сэтгэлдээ үер цутгатал уйлдаг болохыг мэдэх үү?
Энэ хүн сайхан амьдралтай гэж байгаа хүн ямар их уй гуниг зовлон шаналалыг, атаархалыг тэсэн гарч буйг мэдэх үү?
Энэ л амжилттай яваа гэсэн тэр хүн чинь хэдэн шөнө нойроо хасаж, хичнээн өдөр хоолгүй явж байж өнөөдрийн энэ амжилтанд хүрсэн бол?
Заримдаа амьдралд яагаад гэж асуух биш зүгээр л мөрөө түшүүлэх хүн хэрэгтэй байдаг,
Заримдаа амьдралд ярилцах биш зүгээр л чанга тэврээд бүх зүйл сайхан болно гэж хэлэх хүн хэрэгтэй байдаг юмаа ...
Хэн ч ямар амьдралыг, ямар зовлон гунигийг тэсэн гарч буйг мэдэрч чадахгүй байж өнгөц бүү дүгнээрэй … 

1 comments:

Морритой өнгөрүүлсэн мягмар гарагууд



Хөтөлбөр

Өвгөн профессор сүүлийн хичээлийг  өөрийнхөө  гэрт,  гэгээвчээр нь дулаан  орны цайвар ягаан навчтай хибискэс цэцэгс харагддаг ажлын өрөөндөө долоо хоногт ганц удаа заасан билээ. Зөвхөн Мягмар гаригт хичээллэнэ. Өглөөний ундны дараа залгаад хичээл эхлэдэгсэн. Хичээлийн нэр Амьдралын утга учир. Тэр туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлагад тулгуурлан  эл хичээлийг заасансан.

Дүн тавиагүй боловч долоо хоног бүр аман шалгалт авсан. Түүний асуусан асуулт болгонд нь хариулахаас гадна өөдөөс нь  сөргүүлээд асууж бас болно. Хичээлийн явцад  профессорын тэргүүнийг ялимгүй өндийлгөж дэрийг нь эвтэйхэн  засч өгөх, хамрынх нь үзүүрт харааны шилийг  тогтоох  гэх мэт гараар хийж гүйцэтгэх  ганц нэг ажилбар хааяа гарна. Хичээл тараад тэндээс гарч явахдаа “Баяртай” гэж хэлээд ганц үнсчихэд оноо ахина л гэсэн үг.

Хайр сэтгэл, ажил  хөдөлмөр, хамт олон, гэр бүл,  өтлөлт, нигүүсэл, үхэл гэхчлэн зөндөө олон сэдвийг хамарсан боловч тусгайлан ямар нэгэн ном сурах бичиг ашиглахыг тэр шаардсангүй. Сүүлийн лекц нь тун товчхон,  ердөө л  цөөн хэдэн үг байсан даа.

Төгсгөлтийн ёслолын оронд  багшийгаа эцсийн  замд нь үдэж билээ.

Сүүлчийн шалгалтын оронд сурч мэдсэн зүйлээрээ чамлахааргүй урт зохион бичлэг хийх ёстой байсан бөгөөд тийнхүү бичсэнээ одоо  Та бүхэнд толилуулж байгаа минь энэ билээ. Өвгөн профессор  сүүлчийн хичээлээ ингэж ердөө  цорын ганц оюутанд заасан, тэр оюутан  нь би байсан.
 1979 оны хаврын хуучдын дулаан агаад нозоором Бямба гаригийн үдээс хойхно Их сургуулийн өмнөх зүлгэн дээр олон эгнээгээр зассан эвхдэг модон сандлууд дээр хэдэн зуун оюутан зэрэгцэн сууцгаасан байлаа. Цэнхэр өнгийн нийлэг өмсгөлтэй бид удтал үргэлжилсэн нуршуу урт үгс хэдийд дуусахыг хүлээж цөхөн сонсч сууна. Төгсгөлтийн ёслол өндөрлөж Массачусэтс мужийн Уэлтам хот дахь Брандэйсийн Их сургуулийн төгсөх ангийн оюутнууд бид малгайнуудаа дээш нь агаарт чулуудсанаар албан ёсоор сургуулиа дүүргэчихлээ. Олонхи маань хүүхэд насаа хамт үдэж байгаа хэрэг шүү дээ.

Тэгээд би өөрийн хайртай профессор Морри Шварцийг  хайж олоод түүнийг эцэг эхтэйгээ танилцууллаа. Тэр бол ойр ойрхон гишгэж явдаг, ширүүхэн салхинд бол хэзээ мөдгүй хийсээд дээшээ дэгдчихмээр давжаа, жаахан биетэй хүн л дээ. Төгсгөлтийн  ёслолын өмсгөлтэй түүнийг харахад библийн сударт өгүүлдэг тэнгэр бурхан эсвэл эсвэл зул сарын баярын  бяцхан одой мэт санагдана. Гялалзсан номин цэнхэр нүдтэй, шингэн буурал үсээ голоор нь хагалж самнасан профссор дэлдэгэр чихтэй, буурал боловч өтгөн хөмсөгтэй. Хоорондоо зайтай хэр нь арагшаа налсан доод шүднүүд нь хэн нэгэнд дэлсүүлчихсэн мэт, инээх нь  энэ ертөнцийн хамгийн  алиа хошин зүйлийг түүнд хэлчихсэн юм болов уу гэмээр харагддагсан.

Заасан бүх хичээлд нь хичээнгүйлэн суусныг эцэг эхэд  маань ярьсан профессор  “танай хүү бузгай шүү” гэж намайг тэдэнд нэмж магтахад  би ичсэндээ дэмий л доош тонгойж  гутлынхаа өлмийг ширтэн зогссон. Ингээд тэндээс явахын өмнө би профессорт зориулж авсан, гадна талдаа  түүний нэрийн эхний үсэг бүхий бичгийн ширэн савыг бэлэглэлээ. Би өмнөх өдөр нь дэлгүүрээс худалдан авчихсан байсан юм. Би түүнийг мартахгүйсэн л гэж бодсон. Магадгүй, намайг тэр битгий мартчихаасай гэж хүссэн ч юм болов уу даа.

Митч, чи манай сайчуудын нэг шүү гэж хэлээд тэр бичгийн савыг бахадсан янзтай харсанаас намайг тэвэрлээ. Турьхан гарыг нь ар нуруундаа  мэдэрсэн би нуруугаар түүнээс өндөр болохоор, нас бие гүйцсэн том эр, тэр жаахан хүүхэд ч юм шиг, эцэг нь  жаахан хүүхэддээ тэврүүлсэн мэт  эв дүй муутай санагдсан.

Түүнийг “За холбоотой байна биз дээ” гэж асуухад би бодсон ч юмгүй “Тэгэлгүй яахав “гэж хариу  хэлчихээд гэдрэг  нэг алхахыг  нь харваас  нүдэндээ нулимстай байлаа.

0 comments:

Би буцаж явна



Би буцаж явна.

Би буцаж явна.Уйлж ирсэн болохоор инээгээд буцаж байна. Намайг угтан баярлан хөөрч инээж байсан хүмүүсийн сэтгэлд нь гуниг хуруулж, зүрхэнд нь харуусал үлдээгээд нүдэнд нь цөхөрлийн нулимс торуулаад би буцаж явна.
Ганганан буцах нүүдлийн шувуудыг дагаад би буцаж явна. Моддыг уйлуулж навчисыг шиврүүлсэн намар цагын гэгээн гуниг дундуур алхалсаар буцаж байна. Цонх даган урсах бороон дусал бүхнийг сүүлийн удаа хараад сэтгэлдээ мэлмэртлээ уйлаад хүмүүн биеийг олоод зөвийг хийсэн үү бурууг үйлдсэн үү гэдгээ эцсийн удаа эргэн нэг хараад амар тайван бас аз жаргалтай гэгч нь буцаж явна. Нүдэнд торсон нулимс, сэтгэлд хурсан гомдлоо салхинд хийсгээд хүмүүн биеээ үлдээгээд би харьж явна.
Намайг гомдоосон хүн бүрийг уучлаад, гомдоосон зүрх бүхнээсээ уучлал эрээд би харьж явна. намайг үзэн ядсан хүмүүсийг баярлуулаад, намайр хайрласан хүмүүсийг гуниглуулаад, намайг таньдаг байсан хүмүүст гунигт мэдээ дуулгаад би хөрстийн энэ ээдрээт амьдралаас залхаад харьж явна.
Их олон жил биш ч миний хувьд урт, тийм тансаг биш ч эгэл энэ амьдрал минь миний хувьд үнэ цэнэтэй, тийм нандин биш ч үзэсгэлэнтэй энэ л миний амьдрал.Ийм л амьдралын замналаар би замнаж ийм л дурсамжуудыг сэтгэлдээ үлдээгээд би харьж явна.
Эргээд харахад харамсах зүйл алга сэтгэл гэгээн гунигт автаж зүрх амрахаар яаран, ай миний эгэл амьдрал Би чамд хайртай.
2013 оны 6 дугаар сар 13 21:29 минут.

1 comments:

Үгийн хязгаар давсан аниргүй ...



  
     Үгийн хязгаар давсан аниргүй ...
        

         Өвдөлт намдаж, оюун ухаан зүүд нойргүй, нэр дүрсгүй оршихуйд шилжихэд хоол тэжээлийн хэрэгцээ хамгийн доод цэгт унан, хүрээлэн буй орчлон харанхуйд бараг живэн алга болдог тийм үед өвчтөн хүрч очдог.Энэ бол төрөл төрөгсөд эмнэлгийн хонгилоор хүлээлтэндээ байж ядан холхиж, ямар ч үр ашиггүй жижүүрлэлтээ орхин одох уу, эсвэл нөгөө хүний дэргэд үхэн үхтэл нь үлдэх үү гэдгээ шийдэж цөхөн эрэгцдэг үе.Энэ бол үг илүүддэг ч, тусламж эрсэн үггүй хашгираан дотны хүмүүсийн цээжийг уран самарддаг тэр л үе.Хамгийн сайн санаагаар хийсэн эмчилгээний оролцоо болгон харгислал мэт болдог ч энгийн салах ёс хийх хором арай л бас ирчихээгүй байгаа үе.
          Үлдэгдсийн хувьд энэ бол хамгийн хэцүү цаг мөч.Эсвэл энэ бүх юм бушуухан шиг дуусч, нэг тийш шийдэгдээсэй гэх ад хүсэл, эсвэл юу юугүй гараас мултран эргэн хэзээ ч ирэхгүй зүйлтэй үхэн хатан зууралдах бяцхан зулын сүүмэлзээн.Энэ бол нэгэн махны тасархайнууд, хамгийн дотно зүрхнүүдийн эцсийн удаа хамтдаа амьсгалж буй агаар, халуунаа алдаагүй байгаа биесийн хамгийн сүүлчийн шүргэлцээн.
          Үхэж буй хүний хажууд байж чадахаар хангалттай хүчтэй, сэтгэлдээ хангалттай хаттай хүн үгнээс давсан аниргүйд хамтдаа суухдаа энэ хормуудад ямар ч айдас, ямар ч зовиур байдаггүй, гагцхүү бие махбодын үйл ажиллагаа тайвнаар, алгуурхнаар зогсон зогсохыг мэдэрнэ.
          Үхэж буй хүний дэргэд байсан бүхэн аварга том хүнэн ертөнцөд амьд хүн бүр давтагдашгүй байдгийг ойлгоно.Өөрийнхөө мөнх бус болохыг ухаарна.Амьдралын зам хичнээн өргөн, хичнээн урт байвч заавал төгсдөг болохыг.Бидний ихэнх оноогдсон долоон аравтаа гүйцээж чаддаггүй ч энэ ахархан хугацаандаа хүн төрөлхтөний түүхийн гайхамшигт уран зурагт өөрөөрөө амьд шигтгээг урладаг билээ. 

0 comments: