Navigation Menu

Бусдаар даалгах зуршилтай хүмүүст зориулав

Энэ ер нь нэг тийм хэцүү асуудал байх тэ. Гэхдээ уншаад үзээрэй. Дээр нэг хүнээр даалгаад жаахан эвгүй байсан шүү :(

Монголчуудын бусдаас ялгарах онцлогууд дунд өвөрмөц нэгэн онцлог байдаг нь
бусдаар даалгах зуршил юм. Өдрийн хоолноос эхлээд ууж идэж, наргиж цэнгэснээ, театрын үзвэр, саун, бассейнаар үйлчлүүлсний төлбөрөө хүртэл хамт яваадаа тохох гээд байдаг гэмтэй. Их муухай зуршил шүү. Соёлгүй, утгагүй, өрөөл бусдын санхүүгийн эрх чөлөөнд халдсан дадал. Даалгагчдыг дотор нь хэд хэд ангилж болно. Даагчдыг ч бас. Эхний бүлэгт даалгагчдыг авч “хэлэлцье”.
Цагаандаа гарагсад
Аль ч найз нөхдийн хүрээнд цагаандаа гарсан гэх ангилалд орох хэсэг бий. Энэ ангиллынхан уулзах болоод ирэхээр найз нь мөнгөгүй шүү, даах юм байгаа биз дээ гээд шууд хэлчихдэг. Эсвэл надад ердөө л хоёр шар айрагны мөнгө байгаа шүү гэхчлэн битүү утгаараа даалгах аяа олчихдог. Энэ төрлийн даалгагчдын нийтлэг онцлог нь боломж бололцоогүй, туйлдсандаа даалгадаггүй шиг байгаа юм. Сайнаар хэлбэл ялих шалихгүй зүйлд мөнгө үрэх сонирхолгүй, муугаар хэлбэл бусдыг шимж амьдардаг хувалзархуу чанарын улс юм. Жишээ нь бичигч би энэ төрлийн нэг хүнийг мэднэ. Лав нэг удаа шинэхэн авсан булган хүрмээ намируулж орж ирээд л, мөнгө төгрөггүйгээ гайхаад даалгаад гарч байсан түүхтэй. Энэ төрлийн хүний түүхэнд найз нөхдөө дааж байсан нэгээхэн ч тохиолдлыг бүгдээрээ нийлж бодоод ч гаргаж ирж чадахгүй гэдэгт барьсан ч алзахгүй билээ.
Гурай ангиллынхан
Энэ төрлийнхөн яг тооцоо хийх торгон мөчид “новширдог”. Ууж идэхдээ уургын морь шиг хэрнээ ур дахь тооцоон дээрээ ургаа хад шиг гэсэн үг. Тэр хавиар хүмүүс тооцоогоо хийх гээд байгааг мэдээд байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Халаас түрийвчиндээ хүрэх ч үгүй, анзаараагүй, мэдээгүй юм шиг л мэлзчихнэ. Олуулаа явахад энэ төрлийнхөн “туулайчлах” гээд байдаг гэмтэй. Аль болохоор хойшоо суугаад л, хүн бүр хэдэн төгрөг гаргаж байгааг мэдсээр байж тооцоо гүйцэх хүртэл боксын дэвжээн дээр тоолуулж байгаа юм шиг гүрийнэ. Олуулаа болохоор мөнгөө өгөөч гээд халдаад хэлэх эвгүй, тэгсхийгээд уусгачихна. Нэхүүлэн байж өглөө гэхэд хэд гуравхан төгрөгөөр аргалаад өнгөрөөх нь нэн олонтой.
Сэргэлэн багийнхан
Сэргэлэн багт мэдээж сэргэлэнчүүд орох нь тодорхой. Тэдний гол аргуудаас дурдвал тооцооны хуудас барьсан зөөгчтэй зөрөөд угаалгын өрөө орно, утсаар яриад гарна, тооцоо хийх торгон мөчид ар гэрээс нь “тогтмол” яаралтай дуудлага ирнэ. Ер нь юухан хийхэн яриад л бултчихдаг. Эсвэл тасарч унасан дүр эсгэх. Ялангуяа үйлчлүүлэгч олонтой зоогийн газар, баар, цэнгээний газраас нэг хэсгээ орхиж бултах явдал бидний хэдэн монголчуудын дунд нэн түгээмэл билээ.
Сайн яваа нэгнээ “шатаагчид”
Ажил нь амжилттай яваа нэгнээ “шатаах” нь манайхны бас нэг буруу зуршил. Энэ л мөнгөтэй, боломжтой болсон юм чинь ганц хоёр удаа даахад яах вэ дээ гэсэн бодолтой хүмүүс байдаг. Амжилт хүн дээр өөрөө гүйгээд ирдэггүй, хөдөлмөр зүтгэл, эрсдэл, боломж бүгдийг туулж туршиж байж сая нэг амьсгаа аваадах боллоо гэхэд араас зулгаагчид олширдог. Миний найз яасан, төдөн төгрөгийн наймаа амжуулсан гэв үү, тийм албан тушаалд очсон гэв үү, цалин чинь дагаад нэмэгдээ дээ гээд л... Ингэж ярьж байгаа хүмүүс яриагаа найз нь яах вэ дээ, хийдгээ хийгээд л авдгаа аваад л гэх аясаар нэг хэвээр хөвдөг амьдралаа ярина. Байгууллагын тэргүүний аваад 100 мянган төгрөгөөр шагнуулсан нэгнээ мөнгөжлөө гээд бурхан дээрээ тавих дээжийг нь хүртэл үлдээлгүй наргичихдаг хамт олон ч байдаг. Олдгоосоо арай илүүг олсныг овжин мэдэрч хамтран үрэлцдэг нь шууд утгаараа атаархуу зан. Иймэрхүү зан амжилттай яваа хүний боломжийг, амжилтын хурдыг жижиг гэлтгүй сааруулдаг.
Эм хүйсээ “ашиглагчид”
Болзоот залуу чинь л биш бол хамт хоолонд орсон залуугаар даалгах шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Хүйсийн ялгааны давуу талыг хоолны тооцоон дээр гаргадаг эмэгтэйчүүдийг ойлгоё гээд ч ухаан хүрэхгүй байх тохиолдол бий. Энэ төрлийн “халдлагад” ажлын газрын эрчүүд их өртдөг. Мөрөөрөө хамт цайнд орчихоод гарч ирэхдээ идсэн хоолоо нугалаад төлнө гэдэг ялих шалихгүй юм шиг боловч ядаргаатай асуудал л даа.

Даагчид
Дарга нар
Мэдээж нэг номерын даагчид бол дарга нар. Ажлын хамт олноороо гарлаа гэхэд дарга заавал даана. Гэхдээ дарга ч гэсэн ар гэртэй амьдралтай, халаас түрийвч нь хэмжээ хязгаартай хүн. Хязгааргүй байсан ч албатуудаа заавал даах ёстой гэсэн хууль хаана байна. Албаны харилцааг арай эерүү явуулах гээд орчноо солих тохиолдол байна. Тэр ч яах вэ, даргын нэрэмжит наргиан цэнгээн гээд бизнесийн дүрэмд байдаг биз. Үүнээс халиад хэн нэгний төрсөн өдөр, эхнэр төрсний баяр гэхчлэн хувийн чанартай арга хэмжээнд манайхан байгууллагаас гадуурх соёлтой баймаар. Дарга дааж байгаа юм чинь гээд үнэтэйг нь захиалж хахаж цадатлаа ууж идэх нь нэг талаар ичгүүргүй гэмээр үйлдэл.
Нэрэлхүү зан
Бид эцэг өвгөдөөсөө “нэрэлхээд нэрээ идэх биш” гэсэн сургааль сонсч ирсэн ч хэрэгжүүлэхдээ маруухан. Эхний бүлэгт дурдсан даалгагчдын армийн гол хохирогчид болох даагчдын олонх нь нэрэлхүү хүмүүс. Тэд бусдыг тооцоо хийхийг хүлээж тэсэхгүй өмнөөс нь төлчихдөг. Нэрэлхүү дээр онгироо нэмэгдвэл би даачихъя гээд түрүүлээд ам алдчихдаг. Ач хариулж байгаа хэлбэр биш бол хүний идсэн хоолны мөнгийг өмнөөс нь төлөхийг хэн хүсэх билээ. Зүгээр л нэрэлхүү зан иймэрхүү тохиолдолд гай чирдэг. Даахгүй юм шүү гэж дотроо боддог ч гар нь түрийвч рүүгээ өөрийн эрхгүй явдаг бол та нэрэлхүү хүн юм. Гэхдээ өмнөөс мэлрээд сууж байгаа хүний мөнгөө гаргахыг хүлээнэ гэдэг хэцүү л дээ, мэдэрдэг хүнд бол.
“Даах ёстой” хүмүүс
Миний танилд тохиолдсон явдал л даа. Мань эр англи заншлын хуриманд уригдаад бараг гэдсээ сойж аваад гэрээсээ гарсан юм байх. Тэгээд очтол уух юмаа зочид нь өөрсдөө мөнгөө төлж авч байсан гэдэг. Ингэнэ гэж төсөөлөх нь бүү хэл хурим юм хойно хагартлаа ууж идэх биз гээд мөнгөгүй гарсан залуу тэр үед онигоо болсноо одоог хүртэл ярьдаг юм. Харин манайд эсрэгээрээ гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Хурим байг гэхэд төрсөн өдөр байна. Тогтсон эзэнтэй баяруудад хоёр үндсэн даалт байдаг. Нэгт; төрсөн өдрийн эзэн ширээн дээрх бүгдийг даах. Зочид зөвхөн ходоодоо, бэлгээ бэлдэж ирнэ. Хоёрт; төрсөн өдрийн эзнийг тэр өдрийн тооцооноос бүрэн хасах. Харин зочид бүх тооцоог төлнө. Энэ мэтчилэн тодорхой асуудал, хүн рүү чиглэсэн арга хэмжээний төлбөр тооцоо нийтийн дунд биш, тохох эзэнтэй байдгаараа онцлог.
Тэгш хуваалт
Бидний дунд бас нэг утгагүй даалт байдаг нь гарсан тооцоог нийт хүний тоонд хувааж төлөх. Хамт олныхоо ууж идсэнийг тэр аяар нь даадгийг бодвол харьцангуй ардчилсан ч гэсэн бас л утгагүй төлөлтийн нэг. Ганц аяга ус уусан Сараа, таван шил шар айраг гүзээлсэн Баатарын тооцооноос төлөлцөнө гэдэг гомдмоор. Манайхан голдуу ажлын хамт олон, анд нөхдөөрөө наргиж цэнгэхдээ хуваалтын энэ зарчмыг ашигладаг. Даах, даалгах нь ялих шалихгүй юм шиг боловч ядаргаатай, утгагүй асуудал л даа. Авсан цалингаа тэр аяар нь ажлынхнаа даачихаад үр хүүхдэдээ хов хоосон очиж байсан түүхтэй хүн нэг бус байгаа л байх. Та өнөөдөр таван найзаа даасан бол төлөвлөсөн зардлаасаа тав дахин илүүг үрсэн хэрэг. Энэ мөнгөөр юу хийж болох байсан бэ. Хамгийн наад зах нь таван өдрийн хоолны мөнгө болно. Үр хүүхдэдээ аятайхан тоглоом аваад өгнө, хөргөгчиндөө хоолны ногоо аваад хийчихнэ. Ингэж дааж, даалгуулж, нэгнээ хоёрын хооронд юман дээр хэмлэж байхаар өөр өөрсдийнхөө тооцоог хийдэг соёлд суралцъя. Бидний хэлдгээр гадаадад ээж охин хоёр хоол идэхдээ хүртэл тооцоогоо тусдаа авдаг. Хамт олноороо хоолонд орно, найз нөхдөөрөө боулинг тоглоно гээд уулзалт арга хэмжээ мундахгүй. Тэр бүрт тав, арав, хорин хүн байсан ч тус тусдаа тооцооны хавтаст мөнгө эсвэл банкны картаа өгөөд л явуулдаг. Барууны соёл гээд л хуулаад байдаг, энэ соёлыг л бүрэн хуулчихад буруудахгүй. Өөрт амар, өрөөлд бүр амар. Харилцаанд ч амар. Өнөөдөр чи даалаа маргааш би даана аа гэж өр тавихгүй. Уулзахаараа дандаа даалгадаг гээд найзууд бие биеэсээ жийрхэхгүй. Өөрөө өөртөө зориулж л та үрнэ. Ингээд бодвол бусдаар даалгах нь шал утгагүй зуршил гэдэг нь харагдаад байна. Болохгүй бол “Бусдаар даалгах утгагүй зуршлаа таягдан хаяцгаая” гэх маягийн ухуулга сурталчилгаа гаргамаар ч юм шиг, яадаг юм.
Мэдээллийн эх сурвалж: zaluu.com

0 comments:

Чи мэдэх үү?





Өөдөөс чинь хараад жаргалтай инээж буй хүн цаашаа хараад сэтгэлдээ үер цутгатал уйлдаг болохыг мэдэх үү?
Энэ хүн сайхан амьдралтай гэж байгаа хүн ямар их уй гуниг зовлон шаналалыг, атаархалыг тэсэн гарч буйг мэдэх үү?
Энэ л амжилттай яваа гэсэн тэр хүн чинь хэдэн шөнө нойроо хасаж, хичнээн өдөр хоолгүй явж байж өнөөдрийн энэ амжилтанд хүрсэн бол?
Заримдаа амьдралд яагаад гэж асуух биш зүгээр л мөрөө түшүүлэх хүн хэрэгтэй байдаг,
Заримдаа амьдралд ярилцах биш зүгээр л чанга тэврээд бүх зүйл сайхан болно гэж хэлэх хүн хэрэгтэй байдаг юмаа ...
Хэн ч ямар амьдралыг, ямар зовлон гунигийг тэсэн гарч буйг мэдэрч чадахгүй байж өнгөц бүү дүгнээрэй … 

1 comments:

Морритой өнгөрүүлсэн мягмар гарагууд



Хөтөлбөр

Өвгөн профессор сүүлийн хичээлийг  өөрийнхөө  гэрт,  гэгээвчээр нь дулаан  орны цайвар ягаан навчтай хибискэс цэцэгс харагддаг ажлын өрөөндөө долоо хоногт ганц удаа заасан билээ. Зөвхөн Мягмар гаригт хичээллэнэ. Өглөөний ундны дараа залгаад хичээл эхлэдэгсэн. Хичээлийн нэр Амьдралын утга учир. Тэр туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлагад тулгуурлан  эл хичээлийг заасансан.

Дүн тавиагүй боловч долоо хоног бүр аман шалгалт авсан. Түүний асуусан асуулт болгонд нь хариулахаас гадна өөдөөс нь  сөргүүлээд асууж бас болно. Хичээлийн явцад  профессорын тэргүүнийг ялимгүй өндийлгөж дэрийг нь эвтэйхэн  засч өгөх, хамрынх нь үзүүрт харааны шилийг  тогтоох  гэх мэт гараар хийж гүйцэтгэх  ганц нэг ажилбар хааяа гарна. Хичээл тараад тэндээс гарч явахдаа “Баяртай” гэж хэлээд ганц үнсчихэд оноо ахина л гэсэн үг.

Хайр сэтгэл, ажил  хөдөлмөр, хамт олон, гэр бүл,  өтлөлт, нигүүсэл, үхэл гэхчлэн зөндөө олон сэдвийг хамарсан боловч тусгайлан ямар нэгэн ном сурах бичиг ашиглахыг тэр шаардсангүй. Сүүлийн лекц нь тун товчхон,  ердөө л  цөөн хэдэн үг байсан даа.

Төгсгөлтийн ёслолын оронд  багшийгаа эцсийн  замд нь үдэж билээ.

Сүүлчийн шалгалтын оронд сурч мэдсэн зүйлээрээ чамлахааргүй урт зохион бичлэг хийх ёстой байсан бөгөөд тийнхүү бичсэнээ одоо  Та бүхэнд толилуулж байгаа минь энэ билээ. Өвгөн профессор  сүүлчийн хичээлээ ингэж ердөө  цорын ганц оюутанд заасан, тэр оюутан  нь би байсан.
 1979 оны хаврын хуучдын дулаан агаад нозоором Бямба гаригийн үдээс хойхно Их сургуулийн өмнөх зүлгэн дээр олон эгнээгээр зассан эвхдэг модон сандлууд дээр хэдэн зуун оюутан зэрэгцэн сууцгаасан байлаа. Цэнхэр өнгийн нийлэг өмсгөлтэй бид удтал үргэлжилсэн нуршуу урт үгс хэдийд дуусахыг хүлээж цөхөн сонсч сууна. Төгсгөлтийн ёслол өндөрлөж Массачусэтс мужийн Уэлтам хот дахь Брандэйсийн Их сургуулийн төгсөх ангийн оюутнууд бид малгайнуудаа дээш нь агаарт чулуудсанаар албан ёсоор сургуулиа дүүргэчихлээ. Олонхи маань хүүхэд насаа хамт үдэж байгаа хэрэг шүү дээ.

Тэгээд би өөрийн хайртай профессор Морри Шварцийг  хайж олоод түүнийг эцэг эхтэйгээ танилцууллаа. Тэр бол ойр ойрхон гишгэж явдаг, ширүүхэн салхинд бол хэзээ мөдгүй хийсээд дээшээ дэгдчихмээр давжаа, жаахан биетэй хүн л дээ. Төгсгөлтийн  ёслолын өмсгөлтэй түүнийг харахад библийн сударт өгүүлдэг тэнгэр бурхан эсвэл эсвэл зул сарын баярын  бяцхан одой мэт санагдана. Гялалзсан номин цэнхэр нүдтэй, шингэн буурал үсээ голоор нь хагалж самнасан профссор дэлдэгэр чихтэй, буурал боловч өтгөн хөмсөгтэй. Хоорондоо зайтай хэр нь арагшаа налсан доод шүднүүд нь хэн нэгэнд дэлсүүлчихсэн мэт, инээх нь  энэ ертөнцийн хамгийн  алиа хошин зүйлийг түүнд хэлчихсэн юм болов уу гэмээр харагддагсан.

Заасан бүх хичээлд нь хичээнгүйлэн суусныг эцэг эхэд  маань ярьсан профессор  “танай хүү бузгай шүү” гэж намайг тэдэнд нэмж магтахад  би ичсэндээ дэмий л доош тонгойж  гутлынхаа өлмийг ширтэн зогссон. Ингээд тэндээс явахын өмнө би профессорт зориулж авсан, гадна талдаа  түүний нэрийн эхний үсэг бүхий бичгийн ширэн савыг бэлэглэлээ. Би өмнөх өдөр нь дэлгүүрээс худалдан авчихсан байсан юм. Би түүнийг мартахгүйсэн л гэж бодсон. Магадгүй, намайг тэр битгий мартчихаасай гэж хүссэн ч юм болов уу даа.

Митч, чи манай сайчуудын нэг шүү гэж хэлээд тэр бичгийн савыг бахадсан янзтай харсанаас намайг тэвэрлээ. Турьхан гарыг нь ар нуруундаа  мэдэрсэн би нуруугаар түүнээс өндөр болохоор, нас бие гүйцсэн том эр, тэр жаахан хүүхэд ч юм шиг, эцэг нь  жаахан хүүхэддээ тэврүүлсэн мэт  эв дүй муутай санагдсан.

Түүнийг “За холбоотой байна биз дээ” гэж асуухад би бодсон ч юмгүй “Тэгэлгүй яахав “гэж хариу  хэлчихээд гэдрэг  нэг алхахыг  нь харваас  нүдэндээ нулимстай байлаа.

0 comments:

Би буцаж явна



Би буцаж явна.

Би буцаж явна.Уйлж ирсэн болохоор инээгээд буцаж байна. Намайг угтан баярлан хөөрч инээж байсан хүмүүсийн сэтгэлд нь гуниг хуруулж, зүрхэнд нь харуусал үлдээгээд нүдэнд нь цөхөрлийн нулимс торуулаад би буцаж явна.
Ганганан буцах нүүдлийн шувуудыг дагаад би буцаж явна. Моддыг уйлуулж навчисыг шиврүүлсэн намар цагын гэгээн гуниг дундуур алхалсаар буцаж байна. Цонх даган урсах бороон дусал бүхнийг сүүлийн удаа хараад сэтгэлдээ мэлмэртлээ уйлаад хүмүүн биеийг олоод зөвийг хийсэн үү бурууг үйлдсэн үү гэдгээ эцсийн удаа эргэн нэг хараад амар тайван бас аз жаргалтай гэгч нь буцаж явна. Нүдэнд торсон нулимс, сэтгэлд хурсан гомдлоо салхинд хийсгээд хүмүүн биеээ үлдээгээд би харьж явна.
Намайг гомдоосон хүн бүрийг уучлаад, гомдоосон зүрх бүхнээсээ уучлал эрээд би харьж явна. намайг үзэн ядсан хүмүүсийг баярлуулаад, намайр хайрласан хүмүүсийг гуниглуулаад, намайг таньдаг байсан хүмүүст гунигт мэдээ дуулгаад би хөрстийн энэ ээдрээт амьдралаас залхаад харьж явна.
Их олон жил биш ч миний хувьд урт, тийм тансаг биш ч эгэл энэ амьдрал минь миний хувьд үнэ цэнэтэй, тийм нандин биш ч үзэсгэлэнтэй энэ л миний амьдрал.Ийм л амьдралын замналаар би замнаж ийм л дурсамжуудыг сэтгэлдээ үлдээгээд би харьж явна.
Эргээд харахад харамсах зүйл алга сэтгэл гэгээн гунигт автаж зүрх амрахаар яаран, ай миний эгэл амьдрал Би чамд хайртай.
2013 оны 6 дугаар сар 13 21:29 минут.

1 comments:

Үгийн хязгаар давсан аниргүй ...



  
     Үгийн хязгаар давсан аниргүй ...
        

         Өвдөлт намдаж, оюун ухаан зүүд нойргүй, нэр дүрсгүй оршихуйд шилжихэд хоол тэжээлийн хэрэгцээ хамгийн доод цэгт унан, хүрээлэн буй орчлон харанхуйд бараг живэн алга болдог тийм үед өвчтөн хүрч очдог.Энэ бол төрөл төрөгсөд эмнэлгийн хонгилоор хүлээлтэндээ байж ядан холхиж, ямар ч үр ашиггүй жижүүрлэлтээ орхин одох уу, эсвэл нөгөө хүний дэргэд үхэн үхтэл нь үлдэх үү гэдгээ шийдэж цөхөн эрэгцдэг үе.Энэ бол үг илүүддэг ч, тусламж эрсэн үггүй хашгираан дотны хүмүүсийн цээжийг уран самарддаг тэр л үе.Хамгийн сайн санаагаар хийсэн эмчилгээний оролцоо болгон харгислал мэт болдог ч энгийн салах ёс хийх хором арай л бас ирчихээгүй байгаа үе.
          Үлдэгдсийн хувьд энэ бол хамгийн хэцүү цаг мөч.Эсвэл энэ бүх юм бушуухан шиг дуусч, нэг тийш шийдэгдээсэй гэх ад хүсэл, эсвэл юу юугүй гараас мултран эргэн хэзээ ч ирэхгүй зүйлтэй үхэн хатан зууралдах бяцхан зулын сүүмэлзээн.Энэ бол нэгэн махны тасархайнууд, хамгийн дотно зүрхнүүдийн эцсийн удаа хамтдаа амьсгалж буй агаар, халуунаа алдаагүй байгаа биесийн хамгийн сүүлчийн шүргэлцээн.
          Үхэж буй хүний хажууд байж чадахаар хангалттай хүчтэй, сэтгэлдээ хангалттай хаттай хүн үгнээс давсан аниргүйд хамтдаа суухдаа энэ хормуудад ямар ч айдас, ямар ч зовиур байдаггүй, гагцхүү бие махбодын үйл ажиллагаа тайвнаар, алгуурхнаар зогсон зогсохыг мэдэрнэ.
          Үхэж буй хүний дэргэд байсан бүхэн аварга том хүнэн ертөнцөд амьд хүн бүр давтагдашгүй байдгийг ойлгоно.Өөрийнхөө мөнх бус болохыг ухаарна.Амьдралын зам хичнээн өргөн, хичнээн урт байвч заавал төгсдөг болохыг.Бидний ихэнх оноогдсон долоон аравтаа гүйцээж чаддаггүй ч энэ ахархан хугацаандаа хүн төрөлхтөний түүхийн гайхамшигт уран зурагт өөрөөрөө амьд шигтгээг урладаг билээ. 

0 comments: